"Хүүхдээ ямар боловсролтой болговол ирээдүйтэй гэвэл та бүхэн компьютер инженерийн чиглэлтэй өндөр технологийн сургуульд л сургах хэрэгтэй"
"Хөгжих үү эс хөгжих үү" лекц, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
“50 жил тутам технологийн хувьсгал гарч хуучин үйлдвэрлэлийг халж шинэ үйлдвэрлэлийн эрин эхэлнэ” хэмээн 20-р зууны шилдэгч эдийн засагч Joseph Schumpeter (1934) таамаглаж байжээ. Энэ таамаглал ёсоор уурын эрчим хүч (1780-1840), төмөр зам(1840-1890), цахилгаан эрчим хүч(1890-1930), автомашин(1930-1980), мэдээллийн технологи (1980-?) гэх мэт хүн төрөлхтөнд шинэ боломжуудыг олгосон технологийн шинэчлэлтүүд хийгдэж байжээ. Тэгвэл өнөөдөр та бидний амьдарч буй эрин үе бол яах аргагүй Мэдээллийн Технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үе, 21-р зуун бол мэдээллийн Технологийн эрин зуун билээ.
Мэдээлэл, харилцаа холбооны технологи нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүний хөгжил, эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болж байна.
Технологийн хурдацтай хөгжил нь бүх салбарт мэдээллийн технологийн ур чадвар бүхий мэргэжилтнүүдийн хэрэгцээг эрс нэмэгдүүлж байна. Мэдээллийн технологийн ур чадвартай мэргэжилтэн Америк, Япон бүр Монголд ч хамгийн тохь тухтай ажлын байртай, хамгийн өндөр цалин хангамжтай мэргэжилтэн болж байна. Дэлхийн хамгийн баян хүн Билл Гэйтс хүртэл програм зохиогч мэргэжилтэй бөгөөд хамгийн амжилттай бизнес эрхэлж буй мэдээллийн технологийн мэргэжилтэн юм.
Мэдээллийн технологийн мэргэжилтэн болсноор зөвхөн Монголдоо амжилттай ажиллаад зогсохгүй, дэлхийн бусад улс гүрэнд мэргэжлээрээ өндөр цалин хангамжтай ажиллах боломжтой. Түүгээр ч зогсохгүй интернет сүлжээ ашиглан Монголдоо гэртээ суугаад сарын хэдэн мянган долларын цалинтай ажиллах бүрэн боломжтой
Улам ихээр өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээтэй сайхан мэргэжлийг сонгон, бүх салбарт ажиллах чадвартай өндөр ур чадвартай 21-р зууны мэргэжилтэн болохыг хүсвэл та бүхэн манай сургуулийг зориорой.
Старс Коллежийн захирал Д.Өлзий-Орших